Мэдээлэл

Ардчиллын анхны 13 –ын нэг С.Амарсанаа номоо гаргалаа
Ардчиллын анхны 13-ын нэг Сүхбаатарын Амарсанаа “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” нэртэй баримтат номоо хэвлүүлж гаргалаа.

С.Амарсанаа тухайн үед болж байсан МоАХ-ны Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн хурлууд, уулзалтуудын протокол, хөтөлж байсан өдрийн тэмдэглэл дээрээ үндэслэн 1988 оны 11 дүгээр сард улс төрийн “Шинэ үе” бүлгэм байгуулагдсанаас эхлээд 1989 оны 11 дүгээр сарын 27- нд чуулсан Залуу уран бүтээлчдийн 2 дугаар чуулган хэрхэн чуулсан тухай, мөн МоАХ үүсэн байгуулагдсан 12 дугаар сарын 10 –ны цуглаан  дээр тунхагласан ардчилсан хувьсгал эрчимтэй өрнөж улс төрийн өлсгөлөнгийн үр дүнд улс орны дээд удирдлага огцорсон, олон намын тогтолцоо бий болж, анхны чөлөөт сонгууль явуулах, улсын бага хурал байгуулах зэрэг тохиролцоонд хүрсэн, анхны чөлөөт хэвлэл үүссэн зэрэг 1990 оны зургаадугаар сар хүртэлх үйл явдлуудын тухай өгүүлжээ. Уг номноос ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд тэмцэж явсан, идэвхтэй оролцож байсан хүмүүсийн нэрс, хэлсэн үг яриа, гэрэл зураг зэргийг уншиж үзэж болох юм.

Энэхүү ном нь цаашид үргэлжлэх гурван боть баримтат зохиолын тэргүүн дэвтэр бөгөөд “Аниргүйг сэрээсэн Шинэ үе”, “Ардчилсан хувьсгал эхэллээ”, “МоАХ хууль ёсны болов”, “Улс төрийн өлсгөлөн”, “Ардчилсан сонгууль хүрэх амаргүй зам” гэсэн таван бүлэг, 75 хэсэг, зохиогчийн өөрийнх нь авсан 69, архивын 3 гэрэл зургаас бүрджээ.   

Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээний тэмцэгч С.Амарсанаатай шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Шинэ ном гаргасан гэж сонсоод тантай уулзая гэж бодлоо. Ардчилсан хувьсгалын анхны 13-ийн нэгийн “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” номоо танилцуулаач. Ардчиллын тухай олон л ном байдаг. Тэр бүхнээс ялгарах нь юу юм бол?
-Би МоАХ-ны Ерөнхий Зохицуулах Зөвлөлийг үүсгэн байгуулсан өдрөөс эхлэн аливаа, уулзалт, хурлуудын тэмдэглэлийг хөтөлдөг байв. Үүнээс гадна алдаг оног ч гэсэн хөтөлдөг өдрийн тэмдэглэлдээ тэрхүү агуу их үйл хэргийн талаар төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээх, гэрэл зургийн хальсанд тэр  өдрүүдийн дүр  зургийг буулгаж авахыг ихэд хичээдэг байлаа. Голдуу бичгийн бор цаасан дээр бичсэн уулзалтууд болон хурлын тэмдэглэлүүд, ирцийн бүртгэл, уриалах хуудсууд зэрэг хэдэн хавтас элдэв төрлийн материал бий. Тэр баримтуудаасаа огт хасаж товчлолгүйгээр яг тэр хэвээр нь оруулсан. Тиймээс энэ номонд орсон хүмүүсийн нэрс, өдөр сар, цаг хугацаа, үйл явдлууд бүгд түүхийн хөдөлшгүй үнэн бодитой баримт юм шүү. Мөн номоо бичихдээ  түүхэн үйл явдлуудад өөрийн субьектив дүгнэлтээ өгөхөөс аль болохоор зайлсхийсэн. Болсон үйл явдлын дүр зураг, уур амьсгалыг яг тухайн үед тэмдэглэн авч үлдсэн тэр хэвээр нь оруулсан. Түүнчлэн өөрийн авсан гэрэл зургуудаасаа шилж оруулсан.

-Ардчилсан намаас энэ номыг тань дэмжсэн гэсэн байхаа. Ингэхээр ач холбогдлыг нь ч гэсэн үнэлсэн хэрэг гэж ойлгож байгаа...
-Ардчилсан нам хэвлэх зардлын дийлэнх хувийг гаргаж ивээн тэтгэсэнд ихэд талархаж байна. Намын дарга Н.Алтанхуяг номонд маань зориулж “Он жилүүд холдон одохын хэрээр Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын түүх мартагдан бүдгэрэхийн хамт түүхийн үнэнийг санаатайгаар гуйвуулах үзэгдэл гарч байгааг нуух аргагүй юм. Хэрэв ардчилсан хувьсгалд оролцож идэвхтэй үүрэг гүйцэтгэж явсан, өнөөдөр амьд сэрүүн байгаа хүмүүс түүхэн үнэнийг өгүүлсэн дурдатгал дурсамжаа амжиж үлдээхгүй бол дахиад арван жил өнгөрөхөд бүдгэрч мартагдаж болзошгүй байна” гэж сэтгэгдлээ хэлсэн. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн үеэр болсон эрдэм шинжилгээний хурал дээр энэ хувьсгалын түүхтэй нэлээд бүрхэг, судлах материалууд хомс байгаа тухай эрдэмтэн судлаачид ярьж байсан. Тиймээс  өнөөдөр тоо нь цөөрсөөр байгаа оролцогчид нь мэддэг зүйлээ мартаагүй дээрээ бичиж, хэлж үлдээж байх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол зарим юмаа бүр тас мартчихаж байна.

-Тантай уулзахаас өмнө номыг тань уншсан. Гэхдээ уншихад амттай байсан болохоор маш хурдан дуусчихлаа. Үргэлжлэл ч байх юм шиг санагдсан...
-Энэ номоо гурван дэвтэр байхаар төлөвлөж байна. Тэргүүн дэвтэртээ “Шинэ үе” улс төрийн бүлгэм байгуулагдсан 1988 оны арван нэгдүгээр сараас эхлэн 1990 оны зургаадугаар сар хүртэл өрнөсөн үйл явдлуудыг товчхон өгүүлэхийг хичээлээ. Дараа дараагийн дэвтэртээ 1990 оны 6 дугаар сараас Шинэ үндсэн хууль батлагдсан 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд болон МоАХ-ны үйл ажиллагаанд гарсан онцлох үйл явдлууд, хамт тэмцэж зүтгэж явсан анд нөхдийнхөө тухай өгүүлэх бодолтой байгаа.

-Уншихад төрсөн эхний бодол “юу хүлээж байгааг нь ч мэдэхгүй байж ямар зүйл та бүхнийг тийм зоригтой алхам хийлгэхэд хүргэв?”
-Залуу байхад зоригтой, эрч хүчтэй байдаг даа. Түүнээс гадна нийгэм мухардалд орсныг  бусдаасаа түрүүлж мэдэрч чадсан. Энэ бол зөвлөлтийн хэвлэл мэдээлэлд өөрчлөн байгуулалтын үр дүнд бий болсон ил тод нээлттэй байдлын ач тус гэж үздэг юм.  

No comments:

Post a Comment